Энэ сонирхолтой явдал Хэнтий аймгийн Батширээт суманд 90 оны эхээр тохиосон бөлгөө


Энэ сонирхолтой явдал Хэнтий аймгийн Батширээт суманд ерээд оны эхээр тохиосон бөлгөө. Нутаг усандаа нэн алдартай Данигай гэх өвгөн хэдэн үе дамжин тэр хавиар аж төрсөн удам дагасан сүүлчийн зурхайч гэнэ билээ. Яг аль сумынх нь тодорхойгүй ч голдуу амьдарсан болохоор Батширээтийнх гэдэг байжээ.

Харин өөрийгөө “Би Хэнтийн хөвчийн хүн” гэдэг байж. Жинхэнэ амьдын зурхайчдын бараг сүүлчийнх нь тэр гэхэд хилсдэхгүй. Манайхан зурхайчдыг заримдаа буруу ойлгодог, тайлбарладаг бололтой юм билээ.Зурхайч, лам хоёрыг холиод явдгийг, өөрөөр хэлбэл андуурдгийг хэлээд байна л даа. Зурхайч гэдэг нь тоймловол одон гараг, хүн амьтны харилцаа холбоог тооны аргаар тодорхойлно гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, төрснөөс үхэх хүртэлх үеийн амьдралыг нь нэг бүрчлэн зурж, шинэ төрөгсдөд нэр хайрладаг ачтан ажээ. Ийм зурхайчдыг тухайн үед нь бодлогын чанартай бэлддэг байсан гэх. Тухайлбал, Богдын Засгийн газраас тусгайлан бэлдсэн зурхайчдыг нутаг оронд илгээдэг байж.Зурхайчдыг тухайн бүс нутгаас нь ч бэлддэг байсныг түүхэнд өгүүлсэн буй.

Тэд орон нутгаа тэр чигт нь хариуцахаас гадна Богдод мэдээ хүргэдэг байж. Чухам юу хийдэг байсныг нь цухас дурдья.Нутгийн айлд шинэ хүн төрлөө гэе. Хамгийн түрүүнд зурхайчид хандана. Зурхайч тэр хүүг ямар одонд, ямар гарагт, ямар өдөр, ямар цагт төрснийг тооцоод хувь тавиланг нь зурна гэсэн үг. Тэгээд “Танай хүү тийм одонд төрсөн тул төрийн хар хүн болно. Баатар төржээ. Бичгийн хүн байна. Төрд хэрэгтэй. Эцэг, эхдээ тустай эгэл хүүхэд ажээ. Гар дээрээ өсгөнө биз. Төдөн настай юм. Төдөн насанд нь тийм сайн үйл тохионо. Төдөн насны жил дээр гай барцадтай. Анхаарна биз” гэх зэргээр замыг нь зааж өгдөг байжээ.

Тиймээс ингэж нэрлэ гээд нэр усыг нь хүртэл хувь заяатай нь холбодог байсан гэдэг.Тэгвэл төөрөг тавилан нь төөрөлдөж, амьдралын зам мөр нь хазайж, амь нас нь ахар болно гэх мэтээр их ёс төртэй байсан байгаа юм. Хэрэв гоц гойд хүүхэд төрвөл Богдын сонорт хүргэснээр төрийн анхааралд авч багаас нь боловсруулах замаар эрдэмтэн, мэргэдийг ч тусгай бэлтгэдэг байсан байгаа юм. Баатар, дайчин эрсийг ч мөн адил.Зүгээр нэг мөрөөр яваад Ардын хатанбаатар С.Магсаржав юм уу алдарт Ш.Намхай аварга болчихдоггүй юм байна л даа. Төлгөнд бууснаар нь тэрхүү нэрийг хайрлаж түүний дагуу эцэг, эх нь анхаарал тавихыг хэлээд байгаа юм. Монголын цөлх хөх өвгөд ярьдаг байжээ.“Манай энэ төрийн хүн болно.

Хурга, ишиг хөөлгөөд яах вэ. Эрдэм номын мөр хөөлгөе дөө. Энэ ч дээ, малын зах л бараадах хүн дээ” гэхчлэн хүүхдүүдээ багаас нь тодорхойлоод тэр дагуу нь сургаж, хүмүүжүүлдэг асар их амьдралын ухаантай байж. Тэглээ гээд алдахгүй. Харин ч хожно гээч. Үр хүүхдээ гэрлүүлэхдээ ч мөнөөх зурхайчийн хэлснээр хийнэ. Хайр сэтгэл энэ тэрийг бодохгүй биш боддог байж.Тэгээд зурхайчаас тохирох эсэхийг лавлана. Зурхайч барагтай зүйлийг засаад, тохируулчихна. Бараг ганц зүйл дээр их хатуу. “Тэднийхэн богино настай. Тийм өвчнөөр явамтгай. Удмаараа нарийнтдаг улс байгаа юм” гэсэн бол хэзээ ч зөвшөөрөхгүй.

Энэ нь үр удмаа гэсэн хамгийн зөв бодлого ажээ. Хэн үр удмаа богино настай болгохыг хүсэх билээ. Энэ бүхний гэрч болгон Данигай зурхайчийн амьдралаас өгүүлэх гэсэндээ үүнийг өчиж сууна. Тэрбээр жинхэнэ амьдын зурхайч байсан нь олон зүйлээс харагддаг.

Нутгийн нэгэн өвгөн энэ талаар надад олныг өгүүлсэн боловч тэр бүхнийг нь тэмдэглэж аваагүйдээ ихэд харамснам. Тэгэвч онц сонирхолтой зарим нь оюун санаанд минь үлдсэн нь мэдээж. Социализмын хатуу ширүүн цаг үе байсан ч нутгийнхан түүний үгээс гардаггүй байжээ. Үр хүүхдийнхээ амьдын зурхайг байнга зуруулж, нэр алдар хайрлуулсаар ирсэний зарим нь бидний сайн мэддэг хүн ч байх жишээтэй.Тэр жил Ренчинийд нэгэн хөвүүн мэндэлсэнд Данигай зурхайчийг урьснаар хамаг явдал өрнөжээ.

Зурхайч зураг төөргийг нь зураад “Их адармаатай зам туулах хүү байна. Зам мөрийг нь өөрчлөөд яах вэ. Алдартай хүн болно. Нас богиновтор юм. Хүнд бэрхийг туулах ч ер бусын хүү тул зурхайд буусны дагуу Чойном хэмээн номын нэр хайрлая. Бусдыг төөрөг заяа нь мэдэг” гэжээ. Та лав ухаарсан биз ээ. Монгол улсын Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойном ингэж төрсөн түүхтэй ажээ.

Нэгэн айлын хүүд Ловзор гэдэг нэр хайрлажээ. Монгол, түвд нь мэдэгдэхгүй сонин нэр байгаа биз? “Танай энэ хүү тарнийн ухаанд лут хүн болно. Нутаг усандаа ээлгүй ч нийтэд ээлтэй юм” гэжээ. Тийм үед тарнийн ухаанд лут хүн болно гэхийг энгийн хүн хэрхэн ойлгох билээ. Бараг бүтэхгүй зүйл хэллээ. Юун ч сонин нэр вэ дээ гэх зэргээр бодоод өнгөрч л дээ. Хожим нь Ловзор гуай тун сонин тохиолдлоор оточ болжээ. Бусдын адил бага насаа хонины бэлчээрт үдэж, тарвага зурам хөөсөн хүүг хэн, хэзээ тарнийн ухаанд нэвтэрнэ гэх билээ.

Эцэг, эх нь тэгсхийгээд мартсан бололтой. Тэгэхээс ч яах билээ. Төдөлгүй сургуульд оржээ. Бусдын адил сурсаар, дотуур байранд амьдарч явсаар нэг мэдэхэд 10 дугаар ангиа төгсөх мөч ирсэн байна. Тэгтэл аймгийн 10 жилийн сургуульд ёстой сонсоогүй хуваарь нэг ирсэн нь “Ганданд лам бэлдэх НТХ- ны шийдвэрийн дагуу аймаг бүрээс хоёр хүүхэд элсүүлэхээр явна.Сонирхсон хүүхдүүдээс сонгон, шалгаж авна” гэсэн байна. Ингээд сонирхсон хүүхдийг бүртгэвэл бас ч гэж яахав дөрвөн хүү бүртгүүлжээ.

Бүртгэгчдийн нэгнийх нь нүдэнд Ловзор гэх сонин нэртэй шар хүү өртсөн байдаг. Хүн таньдаг хүн байдаг даа. Азаар юм уу тохиолдлоор, бүр төөрөг тавилангаар нэг тийм хүн элсэлтийн багийг ахалж явсан байгаа юм. Тэрбээр Ловзорыг бүртгэнгээ нөхөддөө “Нэгийг нь олчихлоо. Нөгөө гурваас нэгийг нь авъя” гэжээ.Ингээд Ганданд ирж ном сураад сайн оточ болон насан эцэслэтлээ хотод суусан гэдэг. 70- 80- аад оны юм мэдэх хүмүүс андахгүй гэнэ билээ. Гандангийн хашаанд ганц гэрээр, ганцаараа аж төрдөг нэгэн тарнич лам байсан агаад олонд их тус болсон гэх юм билээ.Бас нэг сонин түүх бол Хэнтий нутгаас төрсөн хур баян “алтан” Мажигийн амьдын зурхайг зурж, төөрөг тавиланг нь заажээ.

Төрөнгүүт нь үзээд “Нутагтаа зартай баян, чинээлэг хүн болно. Хөрөнгө арвижуулах одтой юм. Эрдэнэсийн нэрээр насан туршаа нэрлэгдэх нигууртай. Дуудах нэрийг нь Мажиг гэе” гэжээ. Ийнхүү бид бүхний андахгүй мэддэг, олны танил чинээлэг малчдын нэгэн болох “алтан” хэмээх эрдэнийн нэрийг насан туршаа дуудуулах хувьтай хүмүүн Мажигийн түүх ийм бөлгөө. Зүгээр л Мандах юм уу Баяр гэчихсэн бол яах ч байсан юм билээ, хэн мэдлээ.

Данигай зурхайч энэ мэтээр насан туршдаа нутаг усныхандаа тус дэм болсон нэгэн бөгөөд заримдаа аймгийн учир мэдэх хүмүүс ч урьж хүү, охиндоо нэр хайрлуулан, заяа төөргийг нь нууцхан бичиж аваад замыг нь заалган хүмүүжүүлдэг байсныг ч дээрх өвгөн хэлсэн юм. Дээрх өвгөн гэхээр эргэлзмээр сонин санагдаж болох. Зөвшөөрөл аваагүй тул бичиж төвдөлгүй байлаа. Ямар худал юм биш нэрийг нь хэлчихье. Нутаг усныхан нь мэднэ биз. Вандан гэх нэг сайхан өвгөнтэй аян зам хамтарч таарсан учраас энэ бүхнийг сонсох завшаан тохиосон билээ.Данигай гуай бурхан болохынхоо өмнө дотны хүмүүстээ “Намайг өөд болохоор ил тавиарай.

Гурван хоног сахина биз. Цогцсыг минь юу хөндөхийг харцгаа. Хөвчийн хүрэн ирвэл мөн сайнсан. Үргээж болохгүй шүү. Тэнгэртээ зорчино доо” гэсэн гэдэг. Ингээд цогцсыг нь ээлжлэн сахиж байтал хаанаас ирсэн юм нэг хүрэн баавгай хүрч ирээд түрүүлж хөндчихөөд оджээ. Хоёр хоногоос очиж үзвэл юу ч үлдэлгүй алга болсон байжээ. Ухаант өвгөдийн ид, шид барагдах биш. Үхэх өдөр судраа мэдэхээс гадна цогцсыг нь хэн, хэзээ хөндөхийг, сүнс сүлдээ хаа очихыг ч мэддэг байжээ.

Бидний үеийнхний авсалдаг ёсон тийм ч таатай биш байж мэдэх юм. Бусдыг ёстой бурхан, чөтгөр хоёр л гадарлах буй за.

Source : ДӨЧИН НЭГЭН ЧУЛУУ хуудас


Like it? Share with your friends!

What's Your Reaction?

hate hate
0
hate
confused confused
0
confused
fail fail
0
fail
fun fun
1
fun
geeky geeky
0
geeky
love love
1
love
lol lol
0
lol
omg omg
1
omg
win win
2
win
error: Хуулбарлах хориотой !
Choose A Format
Personality quiz
Series of questions that intends to reveal something about the personality
Trivia quiz
Series of questions with right and wrong answers that intends to check knowledge
Poll
Voting to make decisions or determine opinions
Story
Formatted Text with Embeds and Visuals
List
The Classic Internet Listicles
Countdown
The Classic Internet Countdowns
Open List
Submit your own item and vote up for the best submission
Ranked List
Upvote or downvote to decide the best list item
Meme
Upload your own images to make custom memes
Video
Youtube, Vimeo or Vine Embeds
Audio
Soundcloud or Mixcloud Embeds
Image
Photo or GIF
Gif
GIF format